Uulus.mn

Далаар мэргэлэх арга

Далаар мэргэлэх нь бидний өвөг, дээдсээс уламжилж ирсэн нэн эртний мэргэлэх арга юм. Монголын их хаан Мөнх далаар мэргэлж байхыг 1254 онд Францын элч, жуулчин хэд хэдэн удаа үзсэн тухай аяны тэмдэглэлдээ тэмдэглэсэн байдаг. Мөнх хаан бол Тулуй эзэн, Сорхагтани бэхи хатан нарын дундаас мэндэлсэн Монголын дөрөв дэх их хаан юм. Чингис хааны хүү Тулуй (1187-1232) эзний хатан Сорхагтани бэхи хатныг дэлхийн хамгийн ухаантай, бөө сэцэн хатан хэмээн Монголд төдийгүй Европ, Азийн олон улсад хүндэлж байсан тухай доктор Д.Хоролдамба “Дэлхийд алдаршсан Монгол хатан Сорхагтани бэхи” гэдэг номдоо өгүүлсэн нь нэн сонирхолтой байна. Үүнээс үзвэл Монголчууд хонины далаар мэргэлэх өнө эртний уламжлалтай болох нь мэдэгдэж байгаа юм. Далаар мэргэлж сурахын тулд үсэг, өнгө, хэлбэр, гадна байдал, ан цав гэсэн үндсэн таван шинжийг, далны ясан дээр гарч болох тэмдэг бүрийг сайтар мэддэг, түүнийг “уншиж”, зөв ойлгож, тайлбарлаж чаддаг байх зайлшгүй шаардлагатай.

Даланд байдаг таван шинж тэмдгийн талаар товчхон өгүүлье.
1. Бараавтар өнгөтэй, тослог бол: Толгой дээрээ хар ноостой, нуруугаараа алаг, гэдсэндээ хүйсний хавьцаа хар, үс нь урт гахай адил явдалтай хонь.
2. Тослог бус, дун цагаан өнгөтэй бол: Шар толгойтой, нурууны нь ноос боровтор хүрэн, ямаа адил тачир, ширүүн ноостой, янгир адил хэлбэр галбиртай хонь.
3. Улаавтар судал бүхий, хавчигдуу артай бол: Улаан буурал өнгөтэй, өтгөн ноостой, том цүнхгэр гэдэстэй, ирвэс маягтай хонь.
4. Цэнхэрдүү туяатай, бичгийн цааснаас ч нимгэн: Хөх толгойтой, сийрэг ширүүн үс ноостой, нохойтой төсөөтэй хонь
5. Тоос шороон өнгөтэй: Өтгөн ноостой, шилүүсэрхүү хонь хэмээн тодорхойлж үздэг байна.

Далны толгойгоор эзнийг шинжих:
1. Далны толгой өргөн, ирмэг зах нь тавиун бол эзэн бэл чинээ сайтай, түвшин сайн хүн болохыг илэрхийлдэг.
2. Далны толгой давчуу, хүнхэр байвал хонины эзэн дунд зэргийн хөрөнгө чинээтэй, ажил хэрэгтээ завгүй.
3. Далны толгой өргөн, зузаан бол эзэн нь уран цэцэн яриа хөөрөөтэй, хөгжилтэй хүн.
4. Далны толгой урт гонзгой, хавчиг нарийн эзэн нь ховдог, заваан болхи, нэлээд гүймхий, бас муу хүн аж.
5. Далны толгой хатуу, нимгэн байвал эзэн нь худалч, зусар бялдууч хүн гэсэн таван үндсэн хэсэг болгон шинжих арга байдаг.

Далны таван орон, тэдгээрийн утга учир, арга засал: Даланд байх таван оронд хамаарах таван шинж, тэмдэг байдаг. Үүнд:
Тэнгэр орон,
Лусын орон,
Тэнгэрийн орон,
Дайсны орон,
Эрлэгийн орон
Эдгээр тав орон болно. Энэ таван шинжид тулгуурлан мэргэлдэг байна. Тэнгэр оронд хоёр зам, Лусын оронд хоёр зам. Дайсны оронд хоёр зам, Эрлэгийн оронд хоёр зам байна.
Нэг цагаан, нэг хар хоёр зам байдаг нь сайн, муу шинж тэмдгийг илэрхийлнэ.

Цагаан зам.
1. Тэнгэр орон тийш гарсан байвал тэнгэр ивээх
2. Тэнгэр орон тийш гарсан байвал тэнгэр ивээж байгааг, сайн шинж тэмдгийг заана.
3 Лусын орон тийш чиглэсэн байвал өвчтөн Лусын ивээлд байгааг үзүүлнэ.
4. Тэнгэрийн орон тийш гарсан бол Тэнгэр нар өвчтнийг ивээж буй.
5. Дайсны орон тийш гарсан байвал тухайн жилдээ дайснаа ялахыг өгүүлж буй.
6. Эрлэгийн орон тийш цагаан зам гарсан байвал золгүй явдал үл тохиолдоно.

Хар зам.
1. Тэнгэр орон тийш гарсан байвал тэнгэр өвчтнийг зөнд нь орхиж байгааг, тэнгэр уур хилэнг илэрхийлнэ.
Засалд: Тэнгэр цагаан хадаг тавьж, арц, хүж асаан, тансаг саванд хийсэн алт, мөнгө, үнэт зүйлс, арвай, будаа, амтат идээ өргөнө. Сан тавьж 12 хөлгөөр тахих. Тэнгэр тахилд сан тавьж ариутгасан бөөд цагаан морь буюу цагаан идээгээр өргөл өргөх ёстой.
2. Лусын орон тийш гарсан бол Лусын хорлолыг илтгэнэ.
Засалд: Лус савдаг аргадах, архи, сүү, арвай, 4 талд гал түлэх, тунгалаг булгийн ойролцоо алт, мөнгө, хаш, сувд, зэс, гууль, номин элдэв төрлийн идээ будааг тавганд хийж тавих ба дөрвөн зүйл хар зүсмийн малаар (адуу, хонь, үхэр, тэмээ) Лусын хааныг тахихад бэлдэж, тахил өргөх газраа уясан байна. Тахилга дууссаны дараа Лусын хаадын дүрсийг онгон цэвэр газар орхиж тахилд бэлдсэн зүйлээ усанд өргөдөг.
3. Тэнгэрийн орон тийш гарсан бол тэнгэрийн хилэнг зааж буй.
Засалд: Хурмаст тэнгэрт мөргөн залбирч, цагаан морь унасан ес буюу таван хүнд түүнийг бариулж, сайхан товцог дээр аваачин, үнэт эд юмсын хамт газарт булах ёстой. Дахин мөргөл залбирал үйлдээд эргэж ирнэ.
4. Дайсны орон тийш гарсан бол жилийн турш ялагдалд орохыг заана.
Засалд: Бөө удган залж, хар хэл амыг дардаг архи, сэржим сүү өргөх. Хар дайсныг ялахын тулд хар утсыг хадуураар тас хэрч.
5. Эрлэгийн орон тийш хар зам гарвал тухайн жил уг хүн хаашаа ч, юунд ч явсан гай зовлонд учирч магад.
Засалд: Төөрөг засал, гайд гаргах, гайд гаргах үед сурвалжтан 49 толгой, энгийн хүн 4 толгой төрөл төрлийн мал золиослоно.
Бусад зүйл: Бас таван төрлийн гал буй.
Үүнд:
1. Дээдийн гал,
2. Түшмэдүүдийн,
3. Туслахууд,
4. Өөрийн,
5. Төрөл төрөгсдийнх.
Хулгай, өвчин, гай зовлон, саад тотгор, урагшгүй бүтэшгүй явдал зэргийн талаар мэргэлэх үед гарсан зам буюу ан цавууд дээр дурдсан галтай давхцах буюу тэдгээр тийш чиглэсэн байвал өвчин гал дээгүүр тэгнэж байгаа, хулгайч шууд ирж яваа, гай зовлон хар замаар нүүрлэх гэж буй, саад тотгор замд тээглэж байгааг өгүүлж буй юм. Жишээлбэл: Өвчний шинж тэмдгүүд: тэнгэр зүгээс ямар нэгэн шинж (ан цав) гарсан байвал харь хүнээс нэг бол цээж, толгой цагаан адуу унасан хүнээс болж өвджээ гэсэн үг.
Далыг шатаахад тэнгэр орон, хар зам хавьд яс хэлтэрч унавал гай зовлонг буурал юмуу, саарал морь унасан, нүүрэндээ сорвитой, үсэнд нь буурал суусан, огцом чанга дуутай, доголон буюу хазгар, нүд нь согогтой хүнээс болж, гай зовлон нүүрлэж байгаа гэсэн үг.
Энэ бүх шинж тэмдэг таарч байвал заавал гай ирнэ.
Далны яс Лусын орны хавьд эмтэрч, цоорвол бараан царай, тасархай хамартай нүүрэн дээгүүрээ гувдруу сорвитой, хатингар туранхай биетэй паргиа сөөнгө хоолойтой, гартаа мухар хуруутай, духандаа мэнгэтэй хүн халзан морь хөлөглөн ирснээс гай учирсан байна.

Өвчнийг мэргэлэх нь: Эрлэгийн орны орчим хагарч хугарсантэмээ унасан, өндөр биетэй, тасархай хамартай хүн, эсвэл будаггүй эмээлтэй, өрөөсөн дөрөө нь хугарсан, сэтэрсэн, дарвагар уруултай, үнсэн хөх царайтай, хөмсөг сормуус ихтэй, урт хумс, сэгсгэр үс, хонхор нүдэт, барзгар, цоохор хүн архи авчирсан нь гай дууджээ. Дайсны орон хавьд эмтэрвэл-халзан толгойтой, улаан юмуу, шар царайт, малгайн залаагаа хажуу тийш унжуулж, захгүй дээл өмссөн, татанхай алаг морьтой хүн, эсвэл цонхигор цайвар царайтай, наримгар хамартай, пажигнасан дуутай, навтгар бүдүүн биетэй хүн гай авчирсан.

Хулгай дээрмийг мэргэлэх нь: Далны хүйтэн тал тийш чиглэсэн зам гарсан байвал хулгайч нэг гэрт байна. Харин халуун тал тийш зүглэн зам гарсан байвал мэргэлүүлж байгаа хүн олон хулгайч, дээрэмчний халдлага, дайралтад өртөнө. Хулгайч дээрэмчдийг унасан морины нь зүсээр тэднийг таньж болно. Тэнгэр орны замаар цагаан, шарга, хул гурван зүсмийн морь, хүйтний орны замаар хээр, зээрд, хул халтар, халиун морь ирнэ.
Амьдрал ахуйг мэргэлэх нь: Гэрийн эзний амьдрал ахуйг мэргэлэх нь. Хэрэв эзэн галын оронд тайван сууж байвал сайны шинж, хөндлөн сууж байвал удтал өвдөх, нүүр нь нөгөө тийш харсан бол гай зовлонд учрах, наашаа харж байвал муу юм байхгүй. Далны ясан дахь цагаан зам шулуун, арсайж барсайгаагүй бол сайн тэмдэг.

Олз ашгийг мэргэлэх нь: Хүн, тэмээ, булга, хэрэм, хуяг дуулга, буга, согоо, чоно зэргийг нэг ангилалд оруулж үзэх ба цөм дээд зэргийн олз болно. Удаах зэргийн ашиг нь адуу, үхэр, хувцас хунар, эд бараа, үнэг хярс болно. Галын чиглэл далны омог тийш зүглэсэн бол дээр дурдсан зүйлийн олз олно. Ийм шинж үгүй бол хавь ойр олз ашиг эс олмуй. Аялал, жуулчлал, алс хол явах тухай мэргэлэх нь: Дээрхтэй адил боловч бас ялгаатай. Далны омог орчим ан цав үүссэн байвал бэрхшээл учирна. Омгоос арай доохнуур цав гарвал эмээлийг тэмдэглэж буй. Далны тогоо орчимд ан цав байвал эмээл наашаа харсан, олз омогтой, тогооноос ан цав холдох тутам эмээлийн бүүрэг цаашаа харсан, гарз хохиролтой.

Гал голомтны эдээр мэргэлэх нь: Далны яс дугуй хэлбэртэй  өмөрсөн бол галын эзэн зайлж одсоны тэмдэг, гал бузардсан байна. Галын эзэн зайлан одсоны шинж нь гэрийн эзний хүүхэд түлэгдэх, хувцас хунар нь шатсанаар илэрдэг. Галаа мялааж тахивал зохино.

Алдсан гээсэн юмыг мэргэлэх нь: Галаас гарч буй тэмдэг хүйтний орон тийш чиглэсэн байвал адуу мал хайсан хүний алс холоос сураг дуулж байж түүнийгээ олно. Халуун талдаа ан цав гарсан байваас алдсан мал нь хамаатны сүрэгт байна. Онцгой анхаарвал зохих мэргэ. Тэнгэрийн орны хавьд шувуутай төстэй шинж мэдэгдэх, цав гарсан байвал шувуутай хүн ирнэ. Түүний нүүр батгатай, нэг гарын хурууны хумс хугархай, нэг шүд хугархай буюу үүдэн шүд нь сийрэг, унасан морь нь бодон сүүлтэй. Шувууны далавчны нэг гэмтсэн буюу сүүлгүй байж магад. Хэрэв бүтэн бол сайн. Лусын хааны орны зүгээс Эрлэгийн орон тийш зам гарч, сэвс маягийн юм гарсан байвал түүхий мах ганзгалсан юмуу, араатан амьтан дагуулсан хүн ирнэ.
Энэ хүн Лусын хааны зүгээс ирвэл сайн, харин Эрлэгийн талаас ирвэл муу тул хүлээж авалгүй явуул. Нэгэнт ирсэн бол гайд гаргах ёс гүйцэтгэж, хийсэн сүгээ авдартаа, эсвэл дэр буюу орон доогуур хий. Хэрэв далны чих сэрвийж сэртийсэн бол баяр баясгалангийн,
сөртөн хэтэрхий том бол хэрүүлийн шинж. Далны ам хоёр тэмдэг үзүүлнэ. Нэг нь өөрийнх нь, нөгөө нь чөтгөрийнх. Өөрийн аманд цав гарсан байвал мэргэлж буй зүйл удааширна.
Чөтгөрийн амд цав гарсан бол садан төрөлд уй гуниг учрах, хоёр ам хоёул цавтай бол Бурхан, чөтгөр хоёр хоорондоо дайсагналцсан.
Цагаан, хар утас адил зам тэнгэр орноос гарч галын тийш халз чиглэсэн бол тэнгэр буюу ивээгчийн замыг, эсвэл улаан, шар хувцастай лам хүн ирэхийг өгүүлнэ. Ламыг ирсэн цагт нь онцгой хүндлэл үзүүлж, таван өнгийн хадаг барь. Бас хар, цагаан өнгийн утас адил зам Тэнгэр юмуу, замд гарсан байвал мэргэлүүлж буй хүнийг ивээгч нь орхин одсоны тэмдэг.

Дал шатаах журам: Хоёр, гурваас олон хүн байх ёсгүй. Далыг нэг их ширүүн биш, бас хэт зөөлөн биш гал дээр шатаах ба шатааж байх үед чимээгүй байна. Хөл гарыг хооронд зөрүүлсэн байдалтай байлгах, өөр зүйлийг бодож болохгүй. Далыг галд шатааж байх үед
час час гэсэн авиа гарвал хэрүүл, маргаан болох. Садан төрөл нь уг хүний эсрэг таагүй санаа агуулж, мэргэ төлөг тавиулж байж ч мэднэ. Харин далны яс тас тас гэж дуугарч байвал гэр орон, эд хогшил бохир байгааг, эсвэл үхсэн хүний сүнс орон гэрт нь хоргодож байгааг илтгэнэ. Энэ бол муу шинж ба сүг хийж түүнийг зайлуулагтун. Далны хамар хугарч унавал гэнэт бие муудаж болзошгүй авч хурдан эдгэрнэ. Далны яс гал дотор матийж махийвал галд тахил өргө. Яс халуун оронд хугарвал тэр хүн тухайн жилийн турш байнга өвдөх, доройтох, санаа сэтгэлийн зовлонтой байх. Хүйтний замаар хугарч унаваас энэ онд золгүй явдал тохиолдохгүй. Халуун талаасаа далны хүзүү хугарч сэтэрвэл уй гашуу, уйтгар гуниг тааралдах, хүзүү халуун талаасаа хэлтэрвэл муу юм огт болохгүй. Далны ясан дахь таван орон цөмөөрөө цагаан өнгөтэй бол сүсэг бишрэлдээ найдаж итгэвэл сүр хүчийг олно, бүх талаар биш юмаа гэхэд зарим талаар олмуй. Далны ясанд гарч байгаа шинж тэмдгүүдийг цөмийг нь хэр зэрэг эзэмшсэнээс мэргийн үнэн зөв хамаарна.
Дал худал хэлэх, андуурах гэж үгүй, харин хүн л түүнийг андуу зөрүү тайлдаг.

Далны таван хориг буюу цээр. Далаар мэргэлдэг хүн: Далыг нохойд өгч болохгүй, усанд хаяж болохгүй, хагалж бяцалж болохгүй, галд хаяж болохгүй, далны яс уруу буудаж болохгүй. Дараах таван шинжийг нууцлахгүй байж болно.
Үүнд:

Бурханы замын учир утга, далны тогооны учир утга, таван оронч учир утга, далны гадаргуугийн хонхор хотгор, суурийн учир утга, тэрчлэн далны хамрын ойролцоох тогооны учир утга, гадаад үзэмж болно.
Таван газар буюу орныг бие биеэс нь салангид авч үзнэ. Энэ бол ноднин жил, энэ жил, таван жил, таван сар, таван хоног мөн ба мэргэнд гарч байгаа шинжүүдийн утгыг цөмийг салангид авч үзнэ. Таван орон байдаг нь цаг хугацаа, зам, өнгө гэх мэт ба тэдгээрийг тааж мэдэхэд амаргүй. Тухайлбал, мэргийн хариуг дурайтал бичсэн байгаа мэт хэлэх хэрэгтэй. Далыг шатаах үед тогоо нь эмтэрч хагарвал амьдралын бэлгэдэл болсон хайв тогоо хагарч бутарна гэсэн үг. Өнгө муу, үхээнц саарал байваас их суурь малаас олон толгой хорогдохыг өгүүлнэ.
Галын хэл: Цагаан өнгө гарч ирвэл энэ онд эсэн мэнд байхыг өгүүлэх, цэнхэрдүү өнгөтэй бол хүйтэн болох, улаан өнгөтэй бол салхи шуурга болох, шар өнгөтэй бол халуун, бүгчим болох, бас заримдаа хэрүүл маргаан, зодоон цохион гарах, хар өнгөтэй бол бороо орох шинж юм. Далыг шатаах үед ирмэг захаар нь хурц өнцөг бий болвол хэрүүл болох, далны хамрын хажууд хурц ирмэг үүсвэл мэргэлэх үед толгой, их биеэс үс ноосыг нь үгтээж зулгаасан байна. Халуун талдаа хар өнгийн сөртөн юмуу, үзүүр гарсан байвал халуун хошуут малын ноос үснээс авсны тэмдэг. Харин хүйтэн талд хурц өнцөг, үзүүр бий болсон бол мэргэлэх үед хүйтэн хошуут малын үс ноос хэрэглэжээ.
Өөрт чинь муу юм хийх бодолтой мэргэлүүлсэн хүн нэг бол мухар хуруутай, эсвэл нүүрэндээ сорвитой, өөрт чинь дайсагнагч хүн болой. Тэр хүний хар муу санааг зайлуулахад цаад хүн ихэс дээдэс, бол хар хувцас, хар адгуус, есөн зээтүүний үзүүр, есөн зүүний хугархай, есөн самны шүд, есөн газрын замын шороо, төө хар урттай, мохоо үзүүртэй есөн хар саваа, уг хүний насны тоотой адил тооны балин, гурилаар хийсэн хоёр шар шувуу, мөн хоёр хэрээ хэрэг болох. Харин цаад хүн эгэл хүн бол таван өнгийн утсаар тор хийж газарт булбал сайн.
1. Дайсны газар
2. Тэнгэрийн газар
3. Лусын газар
4. Хааны гал
5. Ноёны гал
6. Түшмэлийн гал
7. Өөрийн гал
8. Боолын гал
9. Үхэгсэдийн газар
10. Хот
11. Дайсны
12. Хүйтэн
13. Лус
14. Эрлэг
15. Тэнгэр заяа тэнгэр
16. Авралын тэнгэр
Далны хамар дагуу хагарсан бол халзан баяр, хөндлөн хагарсан бол омог их олз ихтэйн шинж болдог.

ЭХ СУРВАЛЖ: UULUS.MN

 

Та манай сайтын мэдээлэлийг цаг алдалгүй авахыг хүсвэл like хийгээрэй. Танд баярлалаа.