Uulus.mn

Дуут нуурын домoг

Ховд аймгийн Дуут сумын нутагт байх Дуут нуур нь дуунд мөнхөрсөн домог түүхтэй.

Домoг: Эрт дээр цагт нэгэн бяцхан жаал үргэлж Дуут нуурын хөвөөнд тоглож наадаж өссөн ба их эгдүүтэй хайр татам өхөөрдөм хүү байж гэнэ ээ. Нэг удаа Дуут нуурын савдгыг санамсаргүй харчихаж. Тэнд байсан хүн болгон айж сандран зугтаж байхад нөгөө хүү харин сонирхон харах гэж нуур руу явж ороод живж үхэх шахжээ. Нуурын савдаг өөрөөс нь айхгүйгээр ойртон ирж осолдох шахсан бяцхан жаалыг хараад нуурын эрэг дээр гарган амийг нь аварчээ. Тэр цагаас хойш хүү нуур руу байнга ирж тоглон өдөр болгон нуурын савдаг хүүг нууцаар харж ажиглаж байгаад маш их дассан гэнэ. Хүү нас бие гүйцэн эрийн цээнд хүрэхэд түүний өв тэгш бие, сайхан зүс царай, исгэрэн дуулах дуу хоолой нь нутгийн олны сэтгэлийг баясгаж нүдийг нь хужирладаг болсон гэнэ. Нуурын савдаг ч мөн адил хүүг улам ихээр хайрлаж харамлан хүнд харагдаж үзэгдэх боломжгүйдээ шаналан үдэш болгон нуурын усыг цалгиулан уйлан урамддаг байжээ. Нэгэн өдөр хүү эр цэргийн алба хаахаар нутгаа орхин явхад нуурын эргэн тойронд савдаг харсан гэх яриа гарч нутгийн олон айн түгшиж юуны улмаас ямар шалтгаанаар тэр догшин амьтан үзэгдэх болсныг ойлгохгүй байв. Уур хилэн ихтэй нуурын савдаг ирэхээ больсон хүүг харахаар нуураасаа гардаг болсон байлаа. Хүүгийн цэргийн алба хаах хугацаа өнгөрсөн ч ирэлгүй удсаар байв. Нуурын савдаг ч үзэгдэж харагдахаа байж уугуул нутгийнхны цуурхал хоосон яриа болж үлдэж гэнэ. Нэгэн өдөр нуурын савдагийн чихнээ нижгэр найрын дуу сонсогдон сэрээж, түүний сонирхлыг татжээ. Хавь ойрд тийм их шуугиан, баяр наадам сонсоогүй савдаг сонирхон очиж холоос ажиглатал түүний удтал хүлээсэн залуу үзэсгэлэнт бүсгүйн хамт хурим найр хийж танил болсон сайхан хоолойгоороо чин сэтгэлийн гүнээс хайртдаа дуу дуулан баясалдаж байгааг харж гэнэ. Нуурын савдаг тэвчиж чадалгүй найран дээр харайн очиж газар чичиртэл хашгиран нулимстай нүдээрээ залуу руу харсаар нуур руугаа буцан оджээ. Цугласан хүмүүс айснаасаа болж хөшөөд гэртээ ч харьж чадалгүй бөөгнөрөлдөн хонов гэнэ. Тэр цагаас хойш нуур руу зүглэдэг хүнгүй болж, ус уухаар явсан мал эргэж ирдэггүй болжээ. Хоног хугацаа улиран одсоор, нутгийнхан ч хориотой газар хэмээн зүг буруулсаар нэг мэдэхэд 8 жил өнгөрч гэнэ. Хуримласан хосууд ганц хүү төрүүлсэн нь яг л аавынхаа бүх зүйлийг дуурайжээ. Их зүггүй хөдөлгөөнтэй, цовоо сэргэлэн хүү байсан болохоор нөгөө очиж болохгүй гэж хориглосон нуур руу нууцаар явсан байжээ. Эцэг эх хоёр нь мэдээд айж сандран хамаг хурдаараа араас нь давхиж нууранд иртэл нуурын эргээр үхсэн малын хүүрнүүд хөвж, үнэр танар, өнгө үзэмж нь үхээрийн муухай болсон байжээ. Хүүгийнхээ нэрийг дуудан эх нь уйлахад нуурын гүнээс чангаар инээх дуун гарч зовлон шаналалд нь баясаж байна гэнэ. Бүсгүй залуу хоёрын айх сандрах зэрэгцэн адуу мал нь булиган хаяж одлоо. Залуу нуурын савдагаас “миний хүүг өгчих” гэж уйлан хайлан гуйж гэнэ. Тэгтэл нуурын гүнээс ийн хэлж гэнэ. “Хурим найран дээрээ чин сэтгэлийн гүнээс гэргийгээ харан дуулж байсан шигээ яг одоо чин сэтгэлийн гүнээс уйчлал гуйн намайг тайтгаруулан дуул” гэжээ. Залуу ч уухайн тас уяртал дуулан савдгийг аргаджээ. Савдаг дууг нь сонсож уяраад ийн хэлжээ. “Чи өдөр болгон ирж надад дуу дуулж өгч надад харагдаж бай, тэгвэл би одоо хүүхдийг чинь өгье” гэжээ. Залуу ч ам тангарга өгч хэлсэн бүхнийг нь хийе хэмээн сөгдөн гуйсанд хүүг нь буцааж өгчээ.  Гурвуул баярлаж хөлийн хурднаар гэр рүүгээ явж очсон даруй бэлтгээд нүүсэн гэдэг. Амласан ёсоор ирэх ёстой хэмээн савдаг хүлээн суусаар долоо хоножээ. Савдаг тэсэлгүй хилэгнэн хот айл руу очтол хэн ч байсангүй, бүгд нүүсэн байж гэнэ. Тэр цагаас хойш нуур бараадан нүүдэллэж ирсэн айлын хүүхэд тогтохгүй, эсвэл ор сураггүй алга болдог болжээ. Хүүхдээ хайсан хүмүүс олширч шөнөжин уйлалдах дуу сонсогдон хүүхдээ олох байх гэж найдан нуураас холдож чаддаггүй аж. Хэд хоногт нэг удаа хүүхдийнх нь уйлах дуу чанх дэргэд нь сонсогддог учраас бүгд л уйлалдан хэзээ нэгэн цагт хүүхэдтэйгээ уулзана хэмээн найддаг байжээ. Тэдний ийнхүү шаналан байдгийг алс нутгийн нэгэн хүн сонсоод зорин ирж болсон явдлыг сонсоод нөгөө нуур руу явжээ. Хэрэгт дурласан хүмүүс араас нь очиж хартал нуурын эрэг дээр 6 хоногийн турш дуу дуулж сууна гэнэ.  Их сайхан дуулдаг юм байна, гэхдээ яагаад ингээд дуулаад суугаа юм бол хэмээн гайхацгаажээ. Гэтэл 7 дахь өдрөөс нь эхлэн алга болсон хүүхдүүд нь яг хэвээрээ нэг нэгээрээ хаанаас ч юм гарч ирж гэнэ. Хүн болгон баяр хөөр болж ямар хэрэг тохиолдсоныг асууж шалгааж байгаад нөгөө дуулж суусан хүнээ мартаж гэнэ. Тэр цагаас хойш дахин савдаг харсан гэх яриа гараагүй ажээ.

Домгоос үүдэн “Дуут нуур” дууг үүссэн гэдэг.

Д.Цэвээнравдан, Н.Лутбаяр нарын зохиосноор МУГЖ С.Батсүх дуулжээ.

Зогсoод байх нь аялгуу түрээд
Зоргол халиун буга нь урамдах юмаа
Нүцгэн уулсаа аргадан таалаад
Нүдэн нуур уилаад байх юмаа

Дахилт:
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргүй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна

Сонсоод байх нь аялгуу түрээд
Согоо нь буга руугаа явж байх юмаа
Аялгуу сайхан дуундаа уяраад
Аргасан нүдэнд нулимс хурах юм

Дахилт:
Чагнаад байх нь аялгуу түрээд
Чанх дэргэд хүүхэд уйлах юмаа
Сэвлэгтэй үрийхээ дууг сонсоод
Сэтгэл нэг л үймрээд байх юмаа

Та манай сайтын мэдээлэлийг цаг алдалгүй авахыг хүсвэл like хийгээрэй. Танд баярлалаа.