Uulus.mn

Торгууд

Торгууд бол монголын их гүрний эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын дөрвөн ойрадын улсын нэгэн гол аймаг мөн билээ. Торгууд түмэн нь одоогийн Ховд аймгийн Булган суманд зонхилон суудаг бөгөөд 2010 оны хүн амын тооллогоор 14176 хүн өөрсдийгөө торгууд ястан хэмээн бүртгүүлжээ. Торгууд нь ноёд вангуудын орд өргөө, бие хамгаалах торгон цэргээс үүссэн ажээ. XII зууны эцэст Хэрэйдийн Ван хан Тоорил торгон цэрэг бүрдүүлснээс үүдэж торгуудууд үүсч Их Монгол Улсын үед эзэн хааны торгон цэргийн отог овгийг бүрэлдүүлж явснаас тусдаа нэгэн ястан болжээ. Торгууд хэмээх нэрний учир нь, МНТ-нд дурдсанаар “Хэрэйдийн Ван хан 1000 турхагуудтай, Хамаг Монголын Тэмүжин хан 70 турагуудтай …” хэмээсэн байдаг бөгөөд судлаачид “турхаг, тураг” гэдэг нь том биерхүү гэсэн утгатай монгол үг, хэлний хөгжлийн явцад турхагууд, турагууд нь “торгууд” болсон хэмээдэг.

1420-иод оны үед Тоорилын удмын ноён Амгалан өөрийн харъяат торгууд нарыг авч Зүүн Монголоос нүүдэллэн Ойрадын Тогоон тайшийг түшиж очсон ажээ. Торгууд нар анхандаа хүч нөлөө багатай байсан боловч яваандаа хүн ам нь өсөж, эдийн засгийн чадавхи нь нэмэгдэн Ойрадын гол дөрвөн аймгийн нэг болсон байна.

Торгууд аймгийн тэргүүлэгч Хоо өрлөг XYII зууны эхээр Цорос, Өөлд зэрэг аймгийн толгойлогч нартай эвдрэлцэн харъяат ардаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас Ижил мөрний савд нүүдэллэн нутагласан нь одоогийн Халимаг улсын гол цөм нь болж байжээ. Дараа нь 1750-иад онд Тарвагатайгаас мөн олон торгуудууд Орос руу дүрвэн гарчээ.

Торгуудууд нь 1771 онд Увш тайжаар удирдуулан Ижил мөрнөөс 170 мянгуулаа эх нутаг руугаа буцаж нүүдэллэжээ. Оросын цагаан хаан цэргийн хүчээр тэднийг хориглож ихэнхийг нь буцаасан боловч 70-аад мянган торгуудууд Орос, Казахын эсэргүүцэлтэй тулгарсаар Монгол нутагтаа хүрч ирснийг Манжийн хаан хоёр ялган 1630 онд Хоо өрлөгийн дагуулж явсан торгуудуудыг 10 засаг хошуу болгоод одоогийн Хятадын Шинжаан Уйгарт суулган, сүүлд 1750 онд нүүсэн торгуудуудыг Баруун Монголд суулган тусгай хошуу болгон Ховдын амбанд захируулсан нь одоогийн Ховд аймгийн Булган сум юм. Булган суманд буй торгуудууд дотроо Бэйлийн, Вангийн, Шавийнхан, Тайжийнхан Цоохорын гэх таван үндсэн ясаас бүрддэг.

Торгууд эмэгтэйчүүд шүрээр чимэглэсэн тоорцог өмсөнө. Тоорцогны дээд талд 6 эсвэл 8 талт бадам цэцэг, урд талын сарыг саатай утсаар юмуу мөнгөөр тоноглон хийдэг. Торгууд эмэгтэйн ууж хатуу дэргэр мөртэй, ардаа оноотой байдаг. Эр, эм ялгалгүй тоохуу хэмээх эсгий гутал өмсдөг бөгөөд тоохуу нь ноосоор зулж хийсэн оймс юм.

 

Та манай сайтын мэдээлэлийг цаг алдалгүй авахыг хүсвэл like хийгээрэй. Танд баярлалаа.