Uulus.mn

Буриад дээлийн энгэрийн бэлгэдлийн учир

Буриад зон олны эрт үеэс хэрэглэж ирсэн хувцас, тухайлбал малгай, дээл, гутал хэдэн зууны өмнөх хийц загвараараа уламжлагдсаар эдүгээ үетэй залгажээ. Буриад хувцасны загвар хийц тодорхой утга санааг илэрхийлдэг бөгөөд дээлийн энгэрийн гурвалсан хослол /сагаалса, лэбшээhэн, тэбхэ/ бэлгэдлийн чанартай утга санааг илэрхийлдэг. Энэ талаар энд арай дэлгэрэнгүй байдлаар авч үзье. Үүнд :
Тайлал № 1. Буриад зон дээлийн энгэрийн гутгаар эмжээр оёдлыг дээд, дунд, доод тэнгэр хэмээн эрхэмлэх бөгөөд энэ нь хүмүүсийн эртний шүтлэг бишрэлийн нэгэн тусгал гэж үздэг.
Тайлал № 2. Дээлийн энгэрийн доод тал нь гурван хөшөөhө /оёдол/-төй байх бөгөөд улаан өнгөтэй хоргой торгоор оёгдсон байдаг. Энэ нь зүрхний гурван хорыг суга доогуураа хойш нь хаясан гэсэн утгыг илэрхийлдэг гэж үздэг. Дундах хар өнгийн хилэнгээр оёгдсон хэсгийг бүх зүйлийн эх болох дэлхийн газар шорооны хар хөрс гэсэн утгатай гэж үздэг. Дээд талд оёгдсон сагаалса нь бүдэг хөх, ногоон, шаравтар зэрэг завсарын өнгийн хоргой торгоор оёгддог бөгөөд энэ нь идээний дээжийг өргөдөг, шүтдэг мөнх хөх тэнгэрийг хүндэтгэсэн ёсыг илэрхийлсэн гэж үздэг.
Тайлал №3. Буриад дээлийн энгэрийн тод улаан өнгө нь “жаргасан“, хар өнгө нь “зовсон“, гуравдахь шар, ногоон, хөхөвтөр зэрэг аль нэг бүдэг өнгө нь “жирийн“ гэсэн утга санааг илэрхийлдэг гэж үздэг бөгөөд өөрөөр хэлбэл буриад зон амьдралынхаа олон зууны туршид жаргасан, зовсон, жирийн байдлаар жаргаа ч үгүй, зовоо ч үгүй амьдарсан гэсэн утга санааг илэрхийлдэг гэж үздэг.
Тайлал № 4. Дээлийн энгэрийн доод талын улаан өнгийг улаан цусаараа тэмцэж явсны тэмдэг гэдэг бол дундах хар өнгийг харанхуй мананд төөрч байсан тэмдэг гэх ба дээд талын цагаан, цайвар өнгийг Оросын цагаан хааны ивээлд байсны бэлэг тэмдэг гэдэг.
Тайлал № 5. Хори буриад нарын дээлийн энгэр анх эмжээрийнхээ доогуур нарийвтар тод улаан, шар өнгийн магнал ба хоргой торгоор хийсэн энгэртэй байсан бөгөөд сонгоол буриад дээлийн энгэр нь цайвар, бараан хоёр өнгийн торгоор арай өргөн эмждэг байжээ. Ага буриадын дээлийн энгэр нь хорийн буриад дээлийн энгэрийн адил боловч халх монголоос Галдан бошигтын дайны үймээн самууны үеэр /1700-аад он/ орост очиж суурьшсан сонгоолуудаас хойш тэдний дээлийн энгэрийн чимэгийг нэмж одоогийн буриад дээлийн энгэрийн хослол бүрдсэн гэж үздэг. Сонгоол дээлийн энгэрийн цагаан, хар бараан хослол нь хар цагааны харшилдаан гэсэн утгатай байсан бөгөөд буриадууд хар цагааны дундуур орж амар тайван болж холилдон амьдран жаргасан гэдгийг бэлгэдэж энгэрийнхээ цайвар өнгийн чимэгийг “сагаалса“ гэж нэрлэсэн гэдэг. Хар өнгө нь хашигдаж зовж явсан харийн зон олон дунд маань оров гэсэн утгатай бөгөөд улаан өнгө нь хамтдаа жаргахын бэлгэдэл гэж үздэг.
Тайлал № 6. Дээлийн энгэрийн хар өнгийн тасам нь байлдах талбайд хүрч очих зам, улаан тасам нь байлдааны газар, цагаан тасам нь байлдаанаас буцаж ирэх буюу Ойхон уулын овоонд очих зам ч гэж ярилцдаг.
Тайлал № 7. Дээлийн энгэр шар, хар, улаан өнгөтэй байдаг бөгөөд шар нь нарны, хар нь газрын хөрсний, улаан нь галын өнгө гэж үздэг. Тайлал №1-д дурдсаныг авч үзэхэд дээд тэнгэр гэдэг нь сансар огторгуй, дунд тэнгэр гэдэг нь газар дэлхий, доод тэнгэр гэдэг нь далай тэнгис гэж ойлгож болохоор байна. Тайлал № 2,4,6,7-д дурдагдсан тайллууд байж болох хувилбар хэдий ч хэт явцуу утга агуулагатай гэж үзэж болохоор байна.
Эдгээрээс өөр тайлал байдгийг ч үгүйсгэхгүй. Дээр дурдагдсан тайллуудаас үзэхэд дээлийн энгэрийн бэлгэдлийг өөр өөрөөр тайлбарлаж байгаа ч эдүгээ үнэ цэнээ алдалгүй олон зууныг өртөөлж яваа энгэрийн бэлгэдлүүдийн дотроос тайлал №3,5 нь өргөн утга агуулагаараа бусдаас ялгаатай байна.
Тайлал №3-д дурдсаныг авч үзэхэд буриад нарын “Жаргаж явсан үе“-ыг эрт үед, өөрөөр хэлбэл буриад нар дээд өвөг Барга баатар дайчин ноён болон түүний отгон хөвгүүн Хоридой мэргэний нас нөгцсөний дараа, тэднийхээ захиа гэрээслэлийг биелүүлж хори буриадуудын хойч үеийнхэн Манай Эриний 424 оны үед өмнө зүг рүү нүүдэл, суудал хийж байсан үетэй холбон үзэж болох юм. Энэ үед буриадууд эрх дураараа чөлөөтэй нүүдэллэж, элдэв зөрчил тэмцэлгүй, дайн тулаанд өртөлгүй, өнтэй сайхан нутаг ус даган нүүдэллэн амьдарч явсан үетэй холбон үзэж байна.
Буриад нарын “Зовж явсан үе“-ыг YII зуунд Түвэдийн хаан Гар түрэгийг хиар цохьсон, тэр үеийн аюулаас зугтаж буриадын зарим бүлгийнхэн Байгал нуур руугаа нүүсэн үетэй холбон үзэж байна. Энэ үед буриадууд өмнөх үеэ, өөрөөр хэлбэл Y,YI зууны үеийн нүүдэл, суудал хийж явсан сайн сайхан цаг үеэ дурсан санагалзаж “Наян Наваа“ гэдэг мянга гаруй жилийн түүх, домогтой сүлд дуулал болсон дуугаа өөрсдөө зохион дуулцгаасан байж болох магадлалтай. Буриад нарын “Жаргаа ч үгүй, зовоо ч үгүй үе“-ийг YII XYI зуун хүртлэх үетэй холбон үзэж болох юм. Энэ үе нь буриадууд Байгал нуур руугаа нүүдэллэн ирснээс хойш Ермак Тимофеевич баруун буриад руу орж ирсэн үеэс өмнөх үе гэж үзэж байна.
Харин тайлал №4-д дурдсан дээлийн энгэрийн дээд талын цайвар өнгийг Оросын цагаан хааны ивээлд байсан үе гэдэг нь эргэлзээтэй тайлал гэж ойлгож болохоор байна. Яагаад гэвэл I Петр хааны амьдралын зурвас үед буриадуудын амьдрал ахуйд бага боловч нааштай арга хэмжээ авагдаж байснаас өөр бусад хаадын хаанчлалын үед зовж зүдэрч, хавчигдаж гадуурхагдаж явсан. Оросын цагаан хааны ивээлд биш эрхшээлд орсон үед буриад дээлийн энгэрийн хослол үүссэн байдлаар тайлбарлаж байгаа нь ташаа ойлголт бололтой.
Тайлал №5-д дурдсанаар Галдан бошигтын дайны үеэр оросын /буриадын/ нутагт дүрвэж очсон сонгоол ястны үед буриадуудын дээлийн энгэр, хоёр хослолтой байснаа гурав болсон гэдэг нь үндэслэлтэй бөгөөд үнэнд ойртсон тайлал гэж үзэж байна.

Д.Дамдинжав
Дорнод Дээд Сургуульд зохиогдсон
“XXI зууны дээд боловсрол ба шинжлэх ухааны хөгжил“ /2011/
сэдэвт олон улсын эрдэм
шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл

ЭХ СУРВАЛЖ:

1. “Монголын угсаатны зүй“ III боть, эрхэлсэн С.Бадамхатан. 1996 он
2. “Толон“ сонин, п. Ага 2008 он № 19 / 902 /
3. “МОНЦАМЭ“ сонин, У/Б хот 2010 он № 148 / 2006 /
4. Ж.Өлзий “Барга монголын түүх“ У/Б хот, 2010 он
5. Д.Болдбаатар “Хорь буриадууд“ Эрдэнэт хот, 2010 он