Uulus.mn

Бурхан Халдун уул

Бурхан Халдун нь Монгол улсын Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Монголчууд тус хайрханыг “Хадун хайрхан” гэж нэрийддэг байсан бол сүүлд Буддын шашны нөлөөгүүр Бурхан гэдэг нэршил нэмэгдэж “Бурхан Халдун” болсон бөгөөд Буддын шашины нөлөөнөөс өмнө Монголчууд “бурхан” гэдэг үг хэллэг хэрэглэдэггүй байсантай маргахгүй бизээ.

ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад нь тайчууд дайлан ирсэн. Тэр үед Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаан хүрч очсон. Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” гэсэн санааг дэвшүүлснээр албан ёсоор Бурхан халдун уул аль вэ гэдгийг тогтоожээ.  1992 онд 12 000 хавтгай дөрвөлжин  километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож улсын хамгаалалтанд авчээ. Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм.

Бурхан халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг. Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуувандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. Бурхан халдун уул нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. Анх 1818 оноос албан ёсоор тахилга үйлдэж байсан байна. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгыг нь сэргээжээ.

Хиад боржигоны өвөг Боданчар мунхагийн үеэс тахиж Чингис хааны үед л Хамаг Монгол хийгээд Монголын их эзэнт гүрний сүлд уул болгон тахиж, түүнээс хойш хэдэн зуун жил үе улиран тахиж ирсэн Бурхан халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлд бүртгэжээ. Монголын нууц товчоонд үндсэн нэрээрээ 27 удаа бүртгэгдсэн, монгол түмний зан заншлыг тэр чигээр нь тусгасан, археологийн ямар нэгэн ул мөр илрээгүй, судалгаа хийгдээгүй, онгон дагшин хайрхан гэдэг үзүүлэлтүүдээр дэлхийн соёлын өвд бүртгэгджээ.

 

Та манай сайтын мэдээлэлийг цаг алдалгүй авахыг хүсвэл like хийгээрэй. Танд баярлалаа.